Sunday, December 18, 2011

Буурай эмээ /шүлэг/


Буурай эмээ
Насны хярд бээрэн
Нар дагаж гадаалсан
Намрын хяруунд чичрэн
Навч шиг гандан ганцаардсан
Буурай эмээ

Гал дээр цай богшоосон
Гар харж нүд хариулсан
Газар дээр бүхнийг хайрласан
Ганцхан өөрт нь хайр дутсан
Буурай эмээ
Будангийн нар шиг бүдэгнэн
Буцах өдрөө хүлээсэн
Буруугүй атлаа буруудан
Бурхан, чөтгөр хоёулаа мартсан
Буурай эмээ

Үр хүүхдэдээ хоргодож
Үндэс мөчиртөө дарагдаж
Үгээ хүртэл цагдуулахдаа
Үнэхээр жаргадаг болов уу
Хөөрхий эмээ

Хүргэнээ, бэрээ царайчилж
Хүйтэн харцаар ороолгуулж
Хүүхэд шиг гөлөлзөж суухдаа
Хүсэл нь ханадаг болов уу
Хөөрхий эмээ

Арван буянаа өгчихөөд
Аягахан цайны мэдэлгүй
Алгаа үрж холхихдоо
Ач нь баясдаг болов уу
Хөөрхий эмээ

Хаях болсон хувцас
Халаас холгосон төгрөг
Хааяа нэг сарвайлаа гээд
Хайр нь инээдэг болов уу
Хөөрхий эмээ

Хөл нь санаагаа гүйцэхгүй
Хөрлөө зүрх нь даахгүй
Хөсөр балар тавилан
Хөгширлийн баяр гэж байхгүй,
байхгүй ээ байхгүй

Үглэмээр юманд үглэвч
Үг нь ханшгүй, хүн тоохгүй
Үхэхээрээ айлгаж гоморховч
Үүний нь бас хүн тоохгүй,
тоохгүй ээ тоохгүй

Буурай эмээ нэг л өдөр
Буурь арилжиж бурхан болно
Буянтай их насаллаа гэсэн
Буруу ерөөлтэй буцна
буцнаа буцна

Эмээгийн суудал гэрт
Эгнэгт эзэнгүй үлдэнэ
Эцэггүй харуусал зүрхэнд
Эдгэхгүй шархалж үлдэнэ
үлдэнээ үлдэнэ

Өнгөрсөн хойно гэмшиж
Өмөлзөн нулимс унагаж
Өргөж чадаагүйдээ гасалж
Өнчрөлд ухааживч хожимдоно
хожимдоноо хожимдоно

Алаг үрсийнхээ хөлд
Амиа дэвссээр байгаад
Авчиж алгын чинээ болсон
Ачтай эмээ эргэж ирэхгүй
ирэхгүй ээ ирэхгүй

Өрөөлийн төлөө ноцож
Өдөр хоногоор ширгэж
Өчүүхэн голоо шатаасан
Өргөлийн зул дахиад асахгүй
асахгүй ээ асахгүй

Аав, ээжийн ээжийг  
Ач, гучийн эмээг
Алдаж халаглахаасаа өмнө
Амьдад нь баярлуулах юмсан
яанам билээ

Амьдралын бөгтөр гэрч
Айлын тэнгэрлэг зарц
Асгарсан ангир уураг
Агуу их сэтгэлийн ариусал
Буян хураасан
Бурхан ээж
Буурай эмээ өршөө!

No comments:

Post a Comment

Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.