Wednesday, June 15, 2011

Найзын шүлэгнүүд

Дорой буурай хүн
Доор байхаас айна
Дээр байгаа хүнээ
Дэндүү ихээр муулна
Мэдлэг чадвартай хүнд
Мундахгүй олон дайсан байна
Мэдлэг чадваргүй хүнд
Мунхаг олон нөхөр байна
Зөв зөв гэж явсаар
Буруу замруу орно
Залхуу хойргоосоо болж
Залуу насаа үрнэ

2009.01.15 О.Эрхбилгүүн

Хүлээлт
Ээлжит эргэцүүлэл
Эргүүлэн бодох хөврөлийг чинь өдөөх хэдэн мөр үг тэрлье
Хүрсэн хүрээгүй хамаагүй
Уншсан уншаагүй хамаагүй би бичнээ.
Хувь заяаны алтан дэнс энд намайг хорих учиргүй
Мунхаг ерөөлтэй бол хамаа алга
Харин ч би энэнд баяртай байна.
Нар гардгаараа гарч
Намар болдгоороо болно
Харин залуу нас минь надаас холдоод явсан ч
Үгнээс өөр зэвсэггүй
Бодохоос цаашаа хэтэрч чадахгүй би
Үг үсэг хоёрыг холбохоос өөр би яах ч билээдээ
Сэтгэл гэдэг хэцүү юм байна!
Яахаа мэдэхгүй төөрч байна
Төөрөгдлөөс аврах хүчийг
Бурхан биш чи л өгөх болохоор
Буцаж иртэл чинь хүлээе дээ чамайг

2011.06.14 О.Эрхбилгүүн

Эхлэлтэйгээ адилгүй төгсгөл
Урьд би жаргалтай байж
Уулзаж учрах, сатаарах зүйлгүй амар байж
Одоо би зовж байна
Орой өнгөрч, өглөө болохгүй хэцүү байна
Сэтгэл хий гомдлоор буцалж
Хэлэх гэсэн үгээр дүүрч байна
Дүүрсэн үг минь дотрыг шатааж
Дэлбэрч хагарахад бэлэн байна
Хэлсэн үгнээс чинь өө хайгаад
Хэнд ч хандаж хэлээгүй ч байсан
Хэтэрхий их зүйл бодож
Хэрэггүй өөрийгөө зовоож байна
Эцсийн эцэст би эмгэнэлт жүжгийн гол дүр шиг
Эв аргаа олохгүй байна
Өөрийн гэсэн ухаангүй болж
Өөрөө өөрийгөө гайхаж байна
Чамд ярьж өгдөг байсан зүйлээ
Чамаас өөр хэнд ч хэлэхгүй
Чамд өгсөн энэ сэтгэлийг
Чамаас өөр хэн ч амсахгүй
Сэтгэлдээ чамайг юу бодож байгааг
Сэм ороод нэг харахсан
Зүрхэндээ чамайг юу шивнэж байгааг
Зүүдэндээ ч болов нэг зүүдлэхсэн
Чамтай анх учрахад хавар байсан
Чамаас харин холдоход зун болов
Чамтай эргэж уулзахад намар болж
Чамаас үүрд салахгүй тэр үе өвөл байгаасай

2010.06.13 О. Эрхбилгүүн

Би аянга болоод чамайг ниргэнэ
Би айдас болж чамайг зовооно
Би там болж чамайг тарчлаана
Би эрлэгийн элч болоод энэ ертөнцөөс удахгүй чамайг авч явна.
Нар гарахгүй сүүдэртэй орчлонд
Насаар чинь би тэнд байлгана
Надаас урвасны чинь шан болгож
Нартад чамайг үүрд харааж байна

2010.12.28 О.Эрхбилгүүн

Saturday, January 29, 2011

Төрсөн өдөр болгоноор чинь
Таагүй зүйл хийж
Тоогүй сэтгэл төрүүлдэг ч
Төөгүй уужим сэтгэлээрээ уучилдаг
Чамдаа би чинь хайртай.

Thursday, January 13, 2011

Хэмнэлээ өөрчилнөө...

2 ажлын хооронд явсаар байгаад алинд нь ч олигтой сайн үр дүн гаргалгүй нэлээд хэдэн сарын өнгөрөөчихжээ. Одоо нэг л ажилтай болсон учраас хамаг анхаарлаа төвлөрүүлээд ядаж л автобусанд өдрийн 2 цагийг үрэлгүй сайхан ажиллая :D.

Мөн англи хэл хэрэгтэй, сурна гэсээр байгаад залуу нас дуусах нь. Энэнийг хэрэглээнийхээ хэмжээнд сурчлаа гэж бодох хүртлээ зөвхөн ажил, англи хэл хоёрт л цагаа зарцуулъя.

Нүүрний ном, жиргээ зэрэг нийгмийн сүлжээнүүдэд их донтож цаг алдаж байгаа учир оройд ганц л цагийг зориулж байхаар шийдлээ. Ойлгохгүй байж баахан л шилдэг гэсэн гадаад, дотоод блог, мэдээллийн сайт болгоныг гүүглэ rss - тээ хийснээ ч устгалаа. нийтлэлч.мн - г л уншиж байя. Яахүү мессенжертээ орохоо болилоо, үнэхээр хэрэгтэй байгаа хүмүүс нь утсаар ярина биз.

За тэгээд хааяадаа бодлого бодчихож байя гэснээ ч болилоо. Ажил дээр зөвхөн ажил, гэрт зөвхөн англи хэл гэдэг хэмнэлээр юу ч болсон 6 сар хүртэл амьдрахаар шийдлээ.

Monday, January 3, 2011

Амьдралаа бодъё доо...

Энэ үг их хувиа хичээсэн сонсогдож байна уу? Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг байдаг даа. Биеэ застлаа би хувиа хичээхээр шийдлээ.

Өөрийнхөө хүсэл, өрөөл бусдын зөвлөгөө бүгд л сургуульдаа үлдээд багш болчих гэж шаардаж байлаа. Залуу насны онцлог ч юм уу их л хурдан шийдвэр гаргаж сургуульдаа үлдэхээр шийдсэнсэн. Захирлын зөвлөлийн хурлаар ороход багш нар "Их цалин, сайхан амьдрал амлаад санал тавивал явчихгүй юм байгаа биз дээ?" гэхэд "үгүй ээ" гэж байсан санагдана. Одоо тэр амлалтаасаа буцах гэж байна.

Friday, December 31, 2010

Тавтай морил 2011 он

Эх орны маань нийслэлд шинэ он гарсан, төрсөн нутаг Ховдод маань он гарах арай л болоогүй энэ цаг мөчид өнгөрч буй оноо дүгнэж, ирээдүйгээ улам тодруулах үүднээс энэхүү бичлэгийг бичиж байна.

2010 он миний хувьд хамгийн дурсамж дүүрэн, чухал шийдвэрүүд гаргасан, амьдралд томоохон өөрчлөлтүүд гарсан ёстой л үйл явдлаар дүүрэн буцалсан он болж өнгөрлөө.

Яг нэг жилийн өмнө байрандаа ганцаараа он гаргах гээд байж байсан минь өчигдөр л юм шиг тодхон байна. Найз охиноо хүрээд ирэх болов уу хэмээн битүүхэндээ горьдон гиеүрч л суулаа. Хайрт минь ч ирлээ, хармаагаа хоослон байж багахан ширээ засав. Тэр үед би гэдэг хүн ертөнц дээрх хамгийн аз жаргалтай нэгэн байсан юм. Ийм л дүр төрхтэй угтсан шинэ он маань, хуучин он болон улиран одож байна.

2010 он 1 сарын 6-нд дипломынхаа жинхэнэ хамгаалалтанд орж, 1 сарын 20нд ШУТИС-КтМС гэдэг сургуулийг төгсөж бакалаврын дипломаа гардаж авснаар амьдрал минь нэгэн үеийн түүхийг дуусгаад дараагийн үедээ орж, шинэ  шинэ боломж, шинэ шинэ дурсамжуудыг амьдралын төөрөг дээр минь зурсаар л.

Сургуульдаа багшлахаар шийдэж 2 улирал хичээл зааж үзлээ. Санасныг бодвол их л хэцүү ажил байна. Энэ онд гаргасан буруу шийдвэрүүдийн нэг нь. Үүний талаар удахгүй дэлгэрэнгүй бичнэ.

6 сарын 23нд бичсэн Twitter - н direct message томоохон эргэлтийг авч ирсэн юм. Агуу бүхэн энгийн зүйлээс эхэлдэг гэгчээр миний хувьд агуу үйл явдал энэ л зурвасаар эхэлсэн. Би үнэхээр хүсэж мөрөөдөж байсан ажилдаа орсон. Монголын төлөө ажиллаж, Монголдоо баялаг бүтээж, Монголдоо сайхан амьдрах боломж надад бүрдэж байна. Соёл-Эрдэнэ ахын "залуу хүнд маш их боломж гарч ирнэ алдалгүй л барьж авах хэрэгтэй" гэсэн жиргээ үнэхээр үнэн болох нь улам бүр батлагдсаар.

11 сарын 2нд хүүтэй боллоо. Амьдралын хамгийн баяр баясгалантай, дурсамжтай өдөр. Үгээр илэрхийлж боломгүй гэдэг шиг тэрхэн цаг мөчид тийм л аз жаргал, амар амгаланд умбаж байлаа. Бичих гэхлээр үнэхээр авьяас дутаж байна.

Хэзээ ч уучилж боломгүй алдаа дутагдал, хэзээ ч мартамгүй сайхан үйл явдал, сайн муу, жаргал зовлон хосолсон нэгэн оныг ардаа үдлээ. Гаргасан алдаагүй давталгүй, амжилтаа ахиулан ҮРГЭЛЖ УРАГШ ТЭМҮҮЛСЭН, аз жаргалыг мэдэрсэн сайхан он байна гэдэгт итгэлтэй байна.

Амьдралын хүрдэнд ТАВТАЙ МОРИЛ 2011 ОН.

Monday, December 20, 2010

Хэцүү

Хүн чамайг ойлгохгүй байх хэцүү
Хүүхэн хүнд тоогдохгүй байх бүрч хэцүү
Амь тавьж тангараг өргөх хэцүү
Адгийн бэртэгчинтэй нүүр тулах бас хэцүү
    Хэцүү зүйл их байна
    Хэлэхэд амар хийхэд хэцүү л зүйл ч бас байна
    Хэцүүг дардаг нь амархан
    Хэцүүг хурцалдаг нь хялбархан
Амар хялбар гэдэг хоёр үгнээс
Хэцүү гэдэг үг тасарсан юм
Аав ээжийнхээ амин биенээс
Хэрсүү зан минь нахиалсан юм
     Хэцүү байнаа хэцүү байна
     Хэлэхээс цайшгүй байгаа маань хэцүү байна
     Хийсэн бодсон минь бүтэхгүй байгаа нь хэцүү байна
     Хэнд ч хэрэггүй үлдсэн мэт санагдаад надад бүр ч хэцүү байна
Биеийн биш үгийн шарх
Үхэлд хүргэх хортой байдаг юм байна
Үүрдийн биш зуурдын нөхөд
Өөрийг чинь зарахаас ч буцахгүй байдаг юм
    Насны залууд шаналсан сэтгэл
    Нартад харин жаргал болоосой
    Насны багад хайрласан хайр минь
    Насаараа ханилах хань минь байгаасай


2010.12.20 О.Эрхбилгүүн