Эх орны маань нийслэлд шинэ он гарсан, төрсөн нутаг Ховдод маань он гарах арай л болоогүй энэ цаг мөчид өнгөрч буй оноо дүгнэж, ирээдүйгээ улам тодруулах үүднээс энэхүү бичлэгийг бичиж байна.
2010 он миний хувьд хамгийн дурсамж дүүрэн, чухал шийдвэрүүд гаргасан, амьдралд томоохон өөрчлөлтүүд гарсан ёстой л үйл явдлаар дүүрэн буцалсан он болж өнгөрлөө.
Яг нэг жилийн өмнө байрандаа ганцаараа он гаргах гээд байж байсан минь өчигдөр л юм шиг тодхон байна. Найз охиноо хүрээд ирэх болов уу хэмээн битүүхэндээ горьдон гиеүрч л суулаа. Хайрт минь ч ирлээ, хармаагаа хоослон байж багахан ширээ засав. Тэр үед би гэдэг хүн ертөнц дээрх хамгийн аз жаргалтай нэгэн байсан юм. Ийм л дүр төрхтэй угтсан шинэ он маань, хуучин он болон улиран одож байна.
2010 он 1 сарын 6-нд дипломынхаа жинхэнэ хамгаалалтанд орж, 1 сарын 20нд ШУТИС-КтМС гэдэг сургуулийг төгсөж бакалаврын дипломаа гардаж авснаар амьдрал минь нэгэн үеийн түүхийг дуусгаад дараагийн үедээ орж, шинэ шинэ боломж, шинэ шинэ дурсамжуудыг амьдралын төөрөг дээр минь зурсаар л.
Сургуульдаа багшлахаар шийдэж 2 улирал хичээл зааж үзлээ. Санасныг бодвол их л хэцүү ажил байна. Энэ онд гаргасан буруу шийдвэрүүдийн нэг нь. Үүний талаар удахгүй дэлгэрэнгүй бичнэ.
6 сарын 23нд бичсэн Twitter - н direct message томоохон эргэлтийг авч ирсэн юм. Агуу бүхэн энгийн зүйлээс эхэлдэг гэгчээр миний хувьд агуу үйл явдал энэ л зурвасаар эхэлсэн. Би үнэхээр хүсэж мөрөөдөж байсан ажилдаа орсон. Монголын төлөө ажиллаж, Монголдоо баялаг бүтээж, Монголдоо сайхан амьдрах боломж надад бүрдэж байна. Соёл-Эрдэнэ ахын "залуу хүнд маш их боломж гарч ирнэ алдалгүй л барьж авах хэрэгтэй" гэсэн жиргээ үнэхээр үнэн болох нь улам бүр батлагдсаар.
11 сарын 2нд хүүтэй боллоо. Амьдралын хамгийн баяр баясгалантай, дурсамжтай өдөр. Үгээр илэрхийлж боломгүй гэдэг шиг тэрхэн цаг мөчид тийм л аз жаргал, амар амгаланд умбаж байлаа. Бичих гэхлээр үнэхээр авьяас дутаж байна.
Хэзээ ч уучилж боломгүй алдаа дутагдал, хэзээ ч мартамгүй сайхан үйл явдал, сайн муу, жаргал зовлон хосолсон нэгэн оныг ардаа үдлээ. Гаргасан алдаагүй давталгүй, амжилтаа ахиулан ҮРГЭЛЖ УРАГШ ТЭМҮҮЛСЭН, аз жаргалыг мэдэрсэн сайхан он байна гэдэгт итгэлтэй байна.
Амьдралын хүрдэнд ТАВТАЙ МОРИЛ 2011 ОН.
No comments:
Post a Comment
Санал, сэтгэгдлээ бичиж байгаад баярлалаа.