Friday, December 31, 2010

Тавтай морил 2011 он

Эх орны маань нийслэлд шинэ он гарсан, төрсөн нутаг Ховдод маань он гарах арай л болоогүй энэ цаг мөчид өнгөрч буй оноо дүгнэж, ирээдүйгээ улам тодруулах үүднээс энэхүү бичлэгийг бичиж байна.

2010 он миний хувьд хамгийн дурсамж дүүрэн, чухал шийдвэрүүд гаргасан, амьдралд томоохон өөрчлөлтүүд гарсан ёстой л үйл явдлаар дүүрэн буцалсан он болж өнгөрлөө.

Яг нэг жилийн өмнө байрандаа ганцаараа он гаргах гээд байж байсан минь өчигдөр л юм шиг тодхон байна. Найз охиноо хүрээд ирэх болов уу хэмээн битүүхэндээ горьдон гиеүрч л суулаа. Хайрт минь ч ирлээ, хармаагаа хоослон байж багахан ширээ засав. Тэр үед би гэдэг хүн ертөнц дээрх хамгийн аз жаргалтай нэгэн байсан юм. Ийм л дүр төрхтэй угтсан шинэ он маань, хуучин он болон улиран одож байна.

2010 он 1 сарын 6-нд дипломынхаа жинхэнэ хамгаалалтанд орж, 1 сарын 20нд ШУТИС-КтМС гэдэг сургуулийг төгсөж бакалаврын дипломаа гардаж авснаар амьдрал минь нэгэн үеийн түүхийг дуусгаад дараагийн үедээ орж, шинэ  шинэ боломж, шинэ шинэ дурсамжуудыг амьдралын төөрөг дээр минь зурсаар л.

Сургуульдаа багшлахаар шийдэж 2 улирал хичээл зааж үзлээ. Санасныг бодвол их л хэцүү ажил байна. Энэ онд гаргасан буруу шийдвэрүүдийн нэг нь. Үүний талаар удахгүй дэлгэрэнгүй бичнэ.

6 сарын 23нд бичсэн Twitter - н direct message томоохон эргэлтийг авч ирсэн юм. Агуу бүхэн энгийн зүйлээс эхэлдэг гэгчээр миний хувьд агуу үйл явдал энэ л зурвасаар эхэлсэн. Би үнэхээр хүсэж мөрөөдөж байсан ажилдаа орсон. Монголын төлөө ажиллаж, Монголдоо баялаг бүтээж, Монголдоо сайхан амьдрах боломж надад бүрдэж байна. Соёл-Эрдэнэ ахын "залуу хүнд маш их боломж гарч ирнэ алдалгүй л барьж авах хэрэгтэй" гэсэн жиргээ үнэхээр үнэн болох нь улам бүр батлагдсаар.

11 сарын 2нд хүүтэй боллоо. Амьдралын хамгийн баяр баясгалантай, дурсамжтай өдөр. Үгээр илэрхийлж боломгүй гэдэг шиг тэрхэн цаг мөчид тийм л аз жаргал, амар амгаланд умбаж байлаа. Бичих гэхлээр үнэхээр авьяас дутаж байна.

Хэзээ ч уучилж боломгүй алдаа дутагдал, хэзээ ч мартамгүй сайхан үйл явдал, сайн муу, жаргал зовлон хосолсон нэгэн оныг ардаа үдлээ. Гаргасан алдаагүй давталгүй, амжилтаа ахиулан ҮРГЭЛЖ УРАГШ ТЭМҮҮЛСЭН, аз жаргалыг мэдэрсэн сайхан он байна гэдэгт итгэлтэй байна.

Амьдралын хүрдэнд ТАВТАЙ МОРИЛ 2011 ОН.

Monday, December 20, 2010

Хэцүү

Хүн чамайг ойлгохгүй байх хэцүү
Хүүхэн хүнд тоогдохгүй байх бүрч хэцүү
Амь тавьж тангараг өргөх хэцүү
Адгийн бэртэгчинтэй нүүр тулах бас хэцүү
    Хэцүү зүйл их байна
    Хэлэхэд амар хийхэд хэцүү л зүйл ч бас байна
    Хэцүүг дардаг нь амархан
    Хэцүүг хурцалдаг нь хялбархан
Амар хялбар гэдэг хоёр үгнээс
Хэцүү гэдэг үг тасарсан юм
Аав ээжийнхээ амин биенээс
Хэрсүү зан минь нахиалсан юм
     Хэцүү байнаа хэцүү байна
     Хэлэхээс цайшгүй байгаа маань хэцүү байна
     Хийсэн бодсон минь бүтэхгүй байгаа нь хэцүү байна
     Хэнд ч хэрэггүй үлдсэн мэт санагдаад надад бүр ч хэцүү байна
Биеийн биш үгийн шарх
Үхэлд хүргэх хортой байдаг юм байна
Үүрдийн биш зуурдын нөхөд
Өөрийг чинь зарахаас ч буцахгүй байдаг юм
    Насны залууд шаналсан сэтгэл
    Нартад харин жаргал болоосой
    Насны багад хайрласан хайр минь
    Насаараа ханилах хань минь байгаасай


2010.12.20 О.Эрхбилгүүн

Thursday, December 16, 2010

Жавхаа

Холоос харсан чамайг
Ойроос харахыг хүсэв
Ганц удаа хараад
Гав гинж шиг хүлэгдэв
Жавхаа бүсгүйг харвал
Уруул дээрээ мэнгэтэй
Урагшаа унжсан үстэй
Уран гуалиг биетэй
Ухаан билэг төгөлдөр
Бурхан байдаг бол хармалмаар
Буг чөтгөрөөс нуумаар
Бусдын нүд унагалгүй
Бурхан шиг тахимаар эмэгтэй
Цагаа олж төрөөгүй намайг
Цаашаа гэж түлхэлгүй уулзсан
Цамайн зан гаргалгүй зөвшөөрсөн
Цадиггүй түүхийн гэрчүүдэд баярлалаа
Үдэш оройн цагаар
  Ганц бие хүлээлгэсэнд уучлаарай
Үнэнийг хэлэхэд би
Ганцхан чамтай уулзах гэж явсан юм шүү
Харах тусам нүдийг баясгаж
Хаашаа ч харсан чи харагдаад
Төгс бүтээгдсэн дагина юмаа чи
Төгөлдөр сайхны бүрдэл юмаа чи
Дахиж учрахыг мэдэхгүй ч
Даварсан би уулзмаар л байна
Уулзах ёстой хүмүүс уулзаж
Учрах ёстой хүмүүс учирдаг юм бол
Дахиад нэг уулзахсан
Үүнийг л чамаас хүсч
Үнэн үгээ хүргэж
Эл захидлаар
Эрхбилгүүн хүү гарыг чинь атгав.

2010.12.17 О.Эрхбилгүүн

Wednesday, December 15, 2010

Би

Та хэзээ нэгэн цагт би гэж хэн бэ? Юуны тулд амьдарч, юуны тулд оршин байна вэ гэж өөрөө өөрөөсөө асууж байсан уу. Магадгүй хүн болж төрсөн минь аз гээд тэр талаар бодох хүсэлгүй байна уу? За аль ч байсан яахав. Гэхдээ би гэж хэн бэ гээд асууж байгаагүй бол дахиад нэг асуугаад үзээрэй хариулт нь тодорхойгүй боловч, тодруулж олж харсан хүн нь амжилтанд заавал хүрдэг гэдэг нь гарцаагүй үнэн болохийг дэлхийн бүх суутнууд өөрийн туршлагаараа нотлож байна. Жишээ нь Эйнштэйн, Томас Эдисон, Шекспир гээд тоочоод байвал дуусахгүй мэт...
Алдарт Эйнштэйний гол зарчим нь би л хийнэ, би л чадах ёстой. Бид биш би гэдэг ганцхан зүйл дээр тогтдог байж. Энэ нь өөрийнхөө чадвар, мэдлэг, туршлагадаа найдаж байгаагийн шинж байх. Тэр үедээ энэ хүн энэ зангаасаа болж элдвээр хэлүүлж байсан гэдэгт би үлдсэн амьдралаа дэнчин тавиад мөрийцөхөд бэлэн байна. Гэхдээ тэр муугаар хэлүүлж байсан ч мундаг хүн болж суу билэгт хүнээр тодорсон нь энэ би гэх дотор байгаа хэн ч үл олж таних бас үл мэдэх орон зайгаа зөв мэдэрснийх биз.
Та хамт олонтойгоо, найз нөхдөөрөө, гэр бүлийнхээ хамт авахуулсан зургаа харахдаа хамгийн түрүүнд хэнийг эхэлж хайдаг вэ? Мэдээж өөрийгөө л хардаг энэ чинь таны би гэх тэр хүч оршин тогтнож байгаа, арилаагүй гэдгийг нотолж байна. Та үүнийг огт анзаарахгүй байж магадгүй. Гэхдээ таны оюун бодолд програмчлагдсан мэт оршисоор байх болно.
Америкийн утасны компаниас хүмүүсийн хооронд ярьж байгаа үгэнд судалгаа хийж хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа үгийг тодорхойлоход би гэдэг үг хамгийн ихээр давтагдаж байв. Бас л хүний үнэлэмж хаашаа чиглэж хаана юу г эрхэмлэдэг бэ гэдгийг харуулсан судалгаа.
Би ч мөн өөрийгөө таних гэж тэнэж будилж тэмтжиж яваа хүн. Үг минь мөнх бие минь хэврэг болохоор үгээ хүргэж бусдад таниулах гэсэн эгэл хүн. Хийж бүтээхэд би гэдэг үгний утгыг таньж, учгыг тайлах чухал мэт санагдсан учир үзэг үсэг хоёрыг холбож сууна. Бүхэл цаг үед асуулт хэвээрээ хариулт нь тодорхойгүй би...  гэж хэн бэ гэж өдөр бүхэн өөрөөсөө асууж байгаарай...

Эх сурвалж baterdene.posterous.com

Wednesday, December 1, 2010

Интернэтийн үнэнч фенүүдээ удахгүй уулзъя

2008 оны 1 сарын 12 нд энэ блогийг нээснээс хойш юу ч гэсэн мартчихалгүй ганц 2 зүйл бичсээр өдийг хүрчээ. Юм бичихээсээ илүү Монгол блогчидоо унших дуртай лдаа. Бараг бүгдий нь Google Reader-тээ хийчихээл шинэ бичлэг орохыг нь тэсэн ядан хүлээж байн байн reader-ээрээ шагайна. Шүлгэн бороо - ны гайхалтай шүлгүүдэд мөн ч их дуртайсан ойрд харин шүлэг их бага нийтэлж байгаа.

Ингээд Монголын шилдэг блог шалгаруулах анхдугаар наадам дээр уулзацгаая.
Архаг блогчидтой уулзана гэхээр догдлоод тэсэн ядан хүлээж сууна :D. Мөн жиргээ, нүүрний номын найзуудтайгаа уулзана гэж найдаж байна.



Наадмын талаар товч мэдээлэл :

Хүссэн хүн бүр МОНГОЛ БЛОГЧИД 2010 Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирж, үүднээсээ таксаа \5000₮- Уух зүйл дагалдана\ аваад шууд оролцох боломжтой. Таксын орлогоор хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд тусламж үзүүлэх юм. 

Та онлайнаар олон жил харилцаж, үзэл бодлоо солилцсон хүмүүстэйгээ нүүр тулан уулзаж танилцаж, хамтран ажиллах сайхан боломжийг ашиглаж олон жил хүлээсэн найзтайгаа уулзахад төрдөг сайхан мэдрэмжийг мэдрээрэй. 

Ёслолын ажиллагааг онлайнаар дэлхий даяар цацах тул дэлхийн өнцөг буланд байгаа найз нартайгаа шууд холбогдож мэндчилээрэй.
Мөн сонирхолтой тэмцээнд оролцож шагналын эзэн болох, машины уралдаан, нүүрэн дээр зуруулах, фудболк дээр өөрийн онлайн хаягаа бичүүлэх, twitter, facebook, blogspot-ийн баатруудтай зурагаа татуулах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцоорой. 

 
Онлайн ертөнцийнхний 2010 оны хамгийн том цугларалт facebookчид, twitterчид, youtubeчид, gogoчид, банжигчид, бизнетвокчид, блогчид хамтдаа МОНГОЛ БЛОГЧИД 2010 дээр уулзацгаая.

Уулзах газар
iLoft Function House (“Хас” банкны төв байрны ард)
2010.12.03-ны 19:00 цагт
Лавлах утас: 88708980, 91006960, 99278174
Видео: http://ht.ly/3eHZt

Friday, October 15, 2010

Англи хэл сурах бүтэлгүй оролдлогууд

Англи хэл сурах нь ямар чухал болохыг энд нуршаад илүүц биз. Товчхондоо та дэвжье, дээшлэе; сайхан амьдаръя; дэлхийн төрөл нэгтнүүдтэйгээ хөл нийлүүлэн алхая гэж боддог бол танд ганц л гарц байна. Энэ бол мэдээж Англи хэл.

Зарим нэгэн хүмүүст сонирхолтой байж магадгүй гэж бодоод Англи хэл сурах яаж бүтэлгүйтэж яваагаа бичлээ.

Би гэдэг хүн Англи хэл сурах гэж хичнээн ч олон удаа эхлүүлэв дээ сүүлдээ бүр тоогоо алдаж байна. Зарим санаж байгаагаа доор жагсаав.
  •  Хамгийн анх 3-р ангид байхдаа цэцэрлэгийн ажилчдын хүүхдүүдэд явуулсан сургалтанд суусан юм байна (ээж маань ня-бо байсан юм). Юу ч гэсэн тоолж, уншиж сурсан юм даг.

Saturday, September 18, 2010

WTF Is The Semantic Web? (Infographic)

Semantic Web

Web 2.0 - н ачаар интернэт хэрэглэгч бүр мэдээлэгч болж, үүний ачаар асар их мэдээлэл бий болсон. Энэ их мэдээлэл дундаас хэрэгтэй зүйлээ хайж олоход хүндрэлтэй болохоос гадна, хэрэгтэй хэрэггүй, давхардсан мэдээллүүд онлайнд дэмий байршин нөөцийг үргүй зарж байна. 

Өнөөдөр вэб зөвхөн бичиг баримт л байгаа, HTML тагууд нь хэрхэг харуулахыг л тайлбарлахаас юуг харуулж байгаагаа мэддэггүй.

Web 3.0 илүү ухаалаг болох тал дээр түлхүү хөгжих болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд идэвхитэй хөгжил нь одооноос буюу энэ оноос эхэлж байна гэж үзжээ.

Facebook application хэрхэн бичих вэ?

500 сая хэрэглэгчтэй энэ их айлаас Facebook-с гадна олон компани, хувь хүмүүс ашиг олж байдаг нь ойлгомжтой. Тэгвэл програмист бид нарт ямар боломж байна вэ?

Хэрвээ та facebook хэрэглэдэг бол "facebook application" гэж мэдэх байх. Үнэхээр хэрэгтэй, гоё програм /application/ хийж чадвал насныхаа хоолыг оллоо л гэсэн үг :-). 

Tuesday, August 10, 2010

Анхны шүлэг [Нэр өгөх гээд чадсангүй]

Хайртай бүсгүй минь
Хүлээж байгаа намайг
Хүрээд ирэхийг минь
Хоног тоолон харуулдаж суугаа
    Итгэлийг нь өвөртлөн
    Ирсэн юм би энд
    Ирээдүйг бүтээх гэж
    Зорьсон юм би алсыг
Санахын жаргалыг надад бэлэглэсэн
Сайхан бүсгүйд би хайртай
Итгэлийг нь алдахгүйн төлөө
Ирээдүйг гэрэлтүүлэхийн төлөө
    хичээж л явна даа би чинь.

                         2010.08.10 Улаанбаатар


Хааммммгиииййн анх удаагаа шүлэг нийтэлж байна. Нэр өгөх гээд чадсангүй санал болговол баярлана шүү. Толгой холбох гэж оролдсон юм чинь шүлэг л гээд нэрлэчихье :D. 
/Үг, үсгийн алдаа гаргасан байж магад. Өршөөгээрэй. Бас залруулж хэлээрэй :)/

Sunday, April 25, 2010

ISP - нүүд орон нутагт хөрөнгө оруулалт хиймээр байна

Би Ховд нутгийн хүүхэд. 2005, 2006 оны үед байхаа шилэн кабель орлоо гэж сонсоод их л баярлаж байлаа. Гэтэл одоо болтол Интернетийн Үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниуд олигтой хөрөнгө оруулж. сүртэй юм хийгээгүй хэвээрээ бахь байдгаараа. МиКом л байсан одоо ч байж л байна. 128kbps - ийн эрх нь 20гаруй мянга, 256 нь 70гаруй мянга /2009 оны үнэ болно/. gogo-с татсан ч адилхан rapidshare-с татсан ч адилхан. Монгол дотроо арай хурдан байж болдоггүй юм уу? МиКом нь төрийн өмчит компани юм шиг байгаан их хүнд сурталтай төвөгтэй үйлчилнэ. McsCom, CitiNet гээл хувийн дажгүй компаниуд яагаад сонирхохгүй байна вэ? Бага ч гэсэн, зах зээл нь байгаа шд. Байнга ашиг харж байх биш хаяа ч болов ард түмнээ бодож байвал зүгээрсэн. Юу ч гэсэн алдагдалтай л лав ажиллахгүй. Төр ч гэсэн энэ асуудал дээр анхаарал тавьж хувийн сектороо дэмжмээр байна. Залуучууд нь эрдэм ном сураад буцаад нутагтаа очиж амьдаръя гэхээр ядаж олигтой нет ч байхгүй шд гээл дургүйцдэг. Бүс нутгийн хөгжил эндээс маш их хамаарна. Хот хөдөөгийн ялгаа багасна бас дээрээс нь хотын төвлөрөл, хот руу чиглэсэн их нүүдлийг ч бууруулахад их ач холбогдолтой шүү дээ. Дэд бүтэц нь бэлэн болчоод байхад яагаад тэрнийг ашиглахгүй байна вэ?

Saturday, January 30, 2010

Аз жаргалын эрэлд


Зовлон жаргал хоёрыг ялгаж, салгаж чаддаг хүн энэ хорвоод цөөн бололтой. Зарим хүний зовлон хэн нэгэнд хэзээ ч эдлэшгүй жаргал байхад, өөр нэгний дээдийн жаргал зарим нэгэнд хэзээ ч хүсэшгүй зовлон байдаг. Жаргал зовлон хоёр гэдэг хөшүүргийн дунд хүний амьдралд тэнцэртэй оршин байдаг гэлтэй. Жаргалыг эдлэе гэвэл түүний төлөөст зовлонг дав гэх нь ч бий. Хэт ташуурсан жаргал эцэстээ хэзээ ч дуусашгүй зовлонгоор ч төгсдөг.

 Аз жаргалын нууцыг тайлахад нэгэн түүхийг өгүүлье. Нэгэн наймаачин хүүгээ аж жаргалын нууцыг олуулахаар нэгэн ухаант мэргэн хүнрүү явуулжээ. Хүү яван явсаар цөлийн дунд нэгэн сайхан байшинд иржээ. Энэ байшин нь нөгөө ухаант мэргэний гэр байлаа. Бодсонтой харьцуулбал хүн хөл ихтэй амьтан хүн холхисон айл байлаа. Тэр хүү ухаант мэргэнтэй уулзаж асуултынхаа хариуг олох гэсэн боловч олон хүнтэй уулзаж байсан тул удаан хүлээхээр болжээ. Нэлээд хугацаа өнгөрсний дараа нөгөө ухаант мэргэн хүүтэй уулзаж чамд ямар асуудал гараа вэ? гэж асуужээ. Хүү аз жаргал гэж юу вэ? гэж асуухад. Би одоохондоо завгүй байна чи манай орд харшаар тойроод үзэж сонирхож байгаад хүрээд ир гэжээ. Харин явахад нь нэг халбаган дээр хоёр дусал тос дусаагаад үүнийг асгаж болохгүй шүү гэжээ. Хүү халбаган дотрох тосоо асгачихгүйг хичээн явж байгаад иржээ. Мэргэн хүн хүүгээс чи манай цэцэрлэгийг ажив уу, манай гоёмсог зурагнуудыг сонирхов уу гэхэд хүү тосоо асгахгүйн хичээж явсаар байгаад юуг ч ажиглаагүйгээ хэлжээ. Гэтэл мэргэн хүн тэгвэл дахиад яваад сайн хараад ажиглаад ир гэжээ. Энэ удаа хүү тэдний гэрийн үнэхээр сайхныг бахдан харж явжээ. Хүү ухаант мэргэн хүн дээр ирээд үзсэн харснаа бүгдийг ярьж өгч гэнэ. Мэргэн хүн хүүгээс тосоо яасан бэ гэхэд хүү орд харшийн харж явахдаа тосоо мартаад асгасан байлаа. Мэргэн хүн хүүд хандан аз жаргал гэдэг гадна байгаа сайн сайхныг ажиглаж байхдаа халбаган дахь тосоо асгахгүй байхыг л хэлдэг юмдаа гэжээ.  Аз жаргал гэдэг тэгвэл бүх зүйлийн зохицол байх нь. Хэлбэрээсээ хэтэрсэн зүйл л зовлон болж хувирдаг. Салхи элсэн манханы хэлбэрийг өөрчилдөгч цөл хэвээрээ л үлддэг. Үүнтэй адилаар л байж чадвал аз жаргалын нууцыг олж чадна.

Аз жаргалыг хэрвээ хэмждэг байсан бол эрүүл бас элэг бүтэн байхыг хамгийн дээд жаргал гэлтэй.

Аз жаргалыг хэрвээ сонгодог байсан бол эрдэмд шунах, зорисондоо хүрэхийг хамгийн гайхамшигтай жаргал гэлтэй.
Бичсэн : О.Бат-Эрдэнэ (сайн найз маань)